Хакерууд 9 дүгээр сарын 11-нийг давтана гэж анхааруулав
Өөрсдийгөө Энх тайвныг хамгаалагчид гэж нэрлэсэн хакерын бүлэг Sony Pictures-ийн сүлжээнд нэвтэрч 100 terabyte хэмжээний мэдээлэл хулгайлсан билээ. Тэд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр “Зул сарын бэлэг” барих болно гэж байсан бол өнөөдөр Сет Роген, Жеймс Френко нарын тоглосон “Ярилцлага” уран сайхны киног гаргах аливаа кино театр руу халдах болно гэжээ.
Дэлхий нийт айн чичрэх болно. 2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийг санацгаа.
Тэдний бичсэн захидалд “Дэлхий нийт айн чичрэх болно. 2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийг санацгаа. Бид та бүхнийг аюултай газраас/кино театр/ хол байхыг анхааруулж байна./Хэрвээ танай гэртэй ойрхон байвал, холхон байсан нь дээр/” гэсэн байна.
Мэдээж хэрэг киноны нээлтийн хугацаа хараахан болоогүй байгаа учир ямар кино театрууд гаргах гэж байгаа нь тодорхойгүй байгаа билээ. Гэхдээ Ким Жон Уныг хөнөөхөөр завдаж байгааг үзүүлэх “Ярилцлага” бүтээлийг Sony Pictures асар олон газарт гаргахаар төлөвлөж байгаа. Харин энэ сүрдүүлгийн улмаас Нэгдсэн улс даяар хэдэн мянган кино театрууд төлөвлөгөөгөө өөрчилж магадгүй юм.
Холбооны мөрдөх товчооноос мэдээлснээр тэд сүрдүүлэг ортой байж болно гэж үзэж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна. Хакерууд өнгөрсөн Пүрэв гаригт Sony Pictures-ийн гүйцэтгэх захирал Майкл Линтоны цахим шуудангуудыг интернетэд байршуулсан бөгөөд “Зул сарын бэлэг” гэж нэрлэжээ.
“ЯРИЛЦЛАГА” КИНОНЫ УЛААН ХИВСНИЙ ЁСЛОЛ БОЛОХГҮЙ
Түүнчлэн тэдэнд Sony Pictures-ийн 12000 CD-тэй тэнцэх хэмжээний мэдээлэл байгаа, хэрвээ хүссэнээ авахгүй бол бүгдийг нь дэлгэж орхино гэсэн байна. Гүйцэтгэх захирал Линтон ч энэ мэдээллийн дараа ажилчдаа цуглуулан уучлалт гуйсан билээ.
Жүжигчин Сет Роген, Жеймс Френко нар ч хэсэг хугацаанд ярилцлага өгөхөөс татгалзаж, улаан хивсний ёслолыг цуцласан тухай мэдэгджээ.
ЭНХ ТАЙВНЫГ ХАМГААЛАГЧИД БҮЛГИЙН БИЧСЭН ЗАХИДАЛ БҮРЭН ЭХЭЭРЭЭ:
“Анхаарагтун,
Бид “Ярилцлага” уран сайхны киног гаргах кино театр, улаан хивсний ёслол гээд холбоотой бүхнийг сүйтгэх болно. Учир нь терроризмыг өөгшүүлж, үүгээр доог тохуу хийж байгаа хүмүүс гашуун зовлон амсах ёстой.
Тун удахгүй дэлхий нийт Sony Pictures Entertainment-ийн ямар балай кино бүтээсэн болохыг мэднэ.
Дэлхий нийт айн чичрэх болно.
2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийг санацгаа.
Бид та бүхнийг аюултай газраас/кино театр/ хол байхыг анхааруулж байна.
/Хэрвээ танай гэртэй ойрхон байвал, холхон байсан нь дээр/
Ирэх өдрүүдэд болох явдалд шуналын тулам болсон Sony Pictures буруутай байх учир
Дэлхий тэр чигээрээ тэднийг буруутгах болно.”
Эх сурвалж:www.news.gogo.mn